Амьтан

Амьтан

     ХБЦГ нь Монгол орны амьтны аймгийн газарзүйн мужлалаар Монгол-Түвдийн мужийн Монголын уулын ойт хээрийн дэд мужийн Монгол-Дагуурын тойрогт хамрагдана (Банников, 1954). Жижиг мэрэгчидийн зүйлийн олон янз байдал, тэдгээрт шимэгчлэгч паразит хорхойн бүлгэмдлийн судалгааг 2000 онд хийжээ. Уг судалгааны үр дүнд 4 зүйл эзэн амьтнаас 4 зүйл паразит хорхойг монголд шинээр, 1 зүйл паразит хорхойг шинэ эзэн амьтнаас тус тус олсон нь ХБЦГ-ыг харьцангуй тусгаарлагдмал, ”арал” маягийн өвөрмөц амьдрах орчин, экосистем болохыг дам илэрхийлэх юм.

    “Зэрлэг амьтан, ургамлын ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенци (CITES)”-ийн I хавсралтын амьтдаас 1 зүйл хөхтөн, 5 зүйл шувуу, II хавсралтын амьтдаас 4 зүйл хөхтөн, 31 зүйл шувуу, Монгол улсын улаан ном (1997)-ын амьтдаас 6 зүйл хөхтөн, 11 зүйл шувуу тус цогцолборт газрыг шүтэн амьдарч байгаа нь, нэн ховор, ховор амьтдын хувьд олон улсын ач холбогдол бүхий газар болохыг илтгэнэ.

     Хөхтөн. Олон жилийн давталттай судалгаа шинжилгээний ажлын үр дүнд 7 баг, 16 овог, 55 зүйл хөхтөн амьтан бүртгэжээ. Халиун буга, цагаан зээр, бор гөрөөс, зэрлэг гахай тоо толгойн хэлбэлзэлтэй боловч байнга тохиолдоно. Аргаль хонь, янгир ямаа, хар сүүлтий нүүдэл шилжилтийнхээ үед цөөн тоогоор дайрч өнгөрдөг. Үүнээс, байршил нутагтаа харьцангуй тогтвортой, тоо толгой, нягтшилийн хувьд зонхилогч зүйл нь халиун буга юм.

     Төв азийн унаган зүйл, мөн л тархац нутаг, тоо толгой нь үлэмж хорогдсон цагаан зээр 1990-ээд онд төвийн бүсийн Дундговь, Төв аймгийн нутгаар томоохон нүүдэл хийснээр Хустайн нуруу орчим, Туулын хөндийд суурьшин нутагласан байна. Нутгийн иргэд, байгаль хамгаалагчдын аман мэдээгээр Туул голын урд биеэд цагаан зээр олноор сүрэглэх бөгөөд гол хөлдөх үеэр хойш нүүдэллэж, Хустайн хамгаалалттай бүс нутгаад хүрч өвөлждөг хэмээн үздэг. Харин, байгалийн задгай усны хомсдолтой холбоотойгоор ХБЦГ-ын орчны бүсийн айл өрхийн дийлэнх хэсэг нь Туул голыг бараадан зусдагаас зээрийн сүрэг хавар, зундаа сарнин нүүдэллэдэг байж болох юм. Цагаан зээрийн Хустайд байрших хугацаа, тоо толгойн хэлбэлзэл нь цаг уур, цасан бүрхүүлийн зузаан, идэш тэжээлийн хүрэлцээнээс ихээхэн хамааралтай.

     ХБЦГ-ын Хөшөөт, Шувуун давааны үндсэн ой, эдгээрийн хооронд алаг цоог тархсан хусан төгөлүүд нь зөвхөн бугын төдийгүй цөөн тооны бор гөрөөс, зэрлэг гахайн байршин нутагших дуртай тааламжит идээшил орчин ажээ. Идэш тэжээл, амьдрах орчны ижил хэрэгцээт амьтдын өрсөлдөөнд зарим зүйл байршил нутгаасаа шахагдахад хүрдэг байна. Хустайн нурууг хамгаалалтад авсанаас эхлэн өнөөг хүртэлх хугацаанд бор гөрөөс 8-16 бодгалиас илүү олноор тохиолдож байгаагүй бөгөөд тоо толгойн энэхүү хязгаарлагдмал байдлыг дээрх өрсөлдөөнтэй холбон тайлбарлаж болох юм.

     Зэрлэг гахайн харагдац, тохиолдоц, явсан, хадарсан мөр, баас зэрэг биет болон амьдралын ул мөр үлдээсэн байдлаас нь ойт нутгийг шүтэн амьдардаг хэмээн үзэх бүрэн үндэстэй. Үзэгдэх орчин хязгаарлагдмал амьдрах орчинд байршдаг, харуй бүрийн идэвхтэй зэрэг амьдралын онцлогтой холбоотойгоор төдийлөн биечлэн ажиглагдаад байдаггүй энэ зүйл хамгийн олондоо 14 бодгалиар сүрэглэсэн тохиолдол ажиглагдаж байжээ. Харин сүүлийн жилүүдэд хадарсан ул мөр огт таарахгүй байгаа.

    Аргаль хонь урьд зөвхөн хавар, намрын нүүдэл шилжилтийнхээ үед л Хустайг дайрч өнгөрдөг байсан бол 2000-аад оноос харьцангуй тогтворжиж одоо 50 гаран тооны аргаль жилийн дөрвөн улиралд байран байршиж, идээшин нутагшиж байна.

     Мах идэшт хөхтөн амьтдаас саарал чоно, шар үнэг элбэг, хярс үнэг, халздай дорго, мануул мий, шүлүүс мий тоо толгой цөөн боловч байнга тохиолдоно. Эдгээрээс харьцангуй түгээмэл тархалттай, хааяагүй ажиглагдах, тоо толгой, нягтшилийн хувьд зонхилогч зүйл нь саарал чоно юм. Нутагшуулж буй тахь болон бусад ургамал идэшт хөхтөн амьтдын дайсан амьтнаас биеэ, сүргээ хамгаалах зохилдлогоог сэргээх, хөгжүүлэх эерэг нөлөөтэйгээс гадна, тоо толгойн хорогдлыг нөхцөлдүүлж, өсөлтийн эрчмийг бууруулах сөрөг нөлөөтэйнх нь хувьд саарал чонын судалгааг онцгойлон чухалчилдаг.

     Чоно өөрийн хүч хүрэх бүх амьтад, тэдгээрийн үр төлөөр хооллоно. Мэрэгч амьтдын ичилт, том туруутан амьтдын нүүдэл шилжилттэй холбоотойгоор саарал чонын идэш тэжээлийн бүрэлдэхүүн улирлаар ялгаатай. ХБЦГ-ын зэрлэг амьтдын популяцийн хэмжээ орон зай, цаг хугацаанд нэгэн жигд тогвортой байх нь идэш тэжээл сонголтыг олон чигт сарниаж, нэг зүйл амьтан олноор өртөхийг хязгаарлах ач холбогдолтой юм. Харин, халиун буга, цагаан зээр зэрэг амьтад зундаа сарнин нүүдэллэж, ойр орчны айл, мал нутаг сэлгэн алс зуншдагаас Хустайд суурин амьдралтай амьтдын, тухайлбал тахийн эрсдэл өсөж, буурдаг байх боломжтой.

    Монгол тарвага нь, хөрсний сийрэгжилт, сэлгэлт, эрдэсжилт, нөхөн сэргэлтэд бусад мэрэгчидийн адил чухал үүрэгтэйн дээр саарал чонын зуны идэш тэжээлийн зонхилох хэсгийг эзэлдэгээрээ сэргээн нутагшуулж буй тахийн тоо толгой, өсөлтөд онцгой нөлөөтэй. Цаг уур, орчны хүчин зүйлсийн эерэг болон сөрөг өөрчлөгдөлд тарвага нилээдгүй мэдрэмтгий хандлагатай бөгөөд ялангуяа, дараалсан гангын дараа тоо толгойн огцом бууралт ажиглагддаг.

     Шувуу. Хустайн нурууг хамгаалалтад авсанаас хойш өнөөг хүртэлх хугацаанд 16 баг, 40 овог, 223 зүйл шувууг бүртгэн тэмдэглэжээ. Дээрх 217 зүйл шувуу оршин амьдрах хэлбэрийн хувьд 169 зүйл нь нүүдлийн, 48 зүйл нь суурин амьдралтай. Нүүдлийн 169 зүйлийн 124 нь өндөглөн зусаж, 45 нь зөвхөн дайрч өнгөрдөг бол Монгол оронд суурин амьдралтай 48 зүйлийн 43 нь өндөглөж, 5 нь тохиолдлоор таардаг байна. Амьдрах орчин, тохиолдох биотопийн хувьд ус намгийн 75, ойн 62, тал хээрийн 41, хад асганы 34, өндөр уулын 5 зүйл бий.

Олон зүйл ус намгийн шувуудын өндөглөн зусаж үр төлөө бойжуулах, нүүдлийн үедээ түр идээшин амарч хүч тамир сэлгэх тааламжтай амьдрах орчин бол Туул гол, түүний сав нутаг мөн. Дэлхийн хэмжээнд ховордож устах аюул нүүрлээд буй цэн (Grus vipio) ба хар тогоруу (Grus monacha), хошуу галуу (Anser cygnoides), загасч явлиг (Pandion haliaetus), усны нөмрөгбүргэд (Haliaeetus leucoryphus) нүүдэл шилжилтийнхээ үед түр идээшин амардаг нь үүний баримт нотолгоо болно.

     Хустайн нуруу, түүний салбар уулс нь үүрлэж өндөглөх боломжтой хад цохиогоор элбэгтэй нь, махчин шувуудын олон зүйл тохиолдох үндсэн шалтгаан болно. Нохой тас (Aegypius monachus) элбэг, царам (Aquila chrysaetos) болон хээрийн бүргэд (Aquila nipalensis) ердийн, бусад зүйл өдрийн махчин шувууд цөөн тоотойгоор үүрлэн өндөглөж, үр төлөө бойжуулна. Тийм ч учраас Хустайн нурууг “нэн ховор, ховор зүйл шувуудын хувьд онцгой ач холбогдолт нутаг” хэмээн олон улсын жагсаалтад хамруулжээ.

     Хоёр нутагтан, мөлхөгчид. Тус цогцолборт газрын нутаг дэвсгэрээс 1 баг, 2 овог, 2 зүйл хоёр нутагтан., 2 салбар баг, 3 овог, 3 зүйл мөлхөгчийг олж илрүүлсэн байна (Мөнхбаяр 1996). Эдгээр нь Монгол орны хэмжээнд бүртгэсэн нийт хоёр нутагтан, мөлхөгчдөөс хамгийн түгээмэл тархацтай, хааяагүй тохиолддог зүйлүүд юм. Харьцангуй сэрүүн богино зун, урт хүйтэн өвөл гээд байгаль, цаг уурын эрс тэс байдалтай Хустайн нуруунд энэхүү хүйтэн цуст амьтдын зүйлийн элдэв хэлбэрийн төлөөлөл харьцангуй ядмаг байхаас ч аргагүй.

     Загас. Туул гол, түүний Хустайд хамаарагдах хэсэг орчмоос 5 баг, 10 овог, 16 зүйл загас бүртгэв (Дулмаа 1998). Улаанбаатар хотын ус цэвэрлэх байгууламжид хагас ариутгагдсан бохир ус Туул голд шууд нийлдэгээс усан орчны амьдралын нөхцөл эрс доройтож, эрэг хавийн өсвөр загасны бүлгэмдлийн бүтэц, бүрэлдэхүүн хомсдох үндсэн шалтгаан болжээ. Үндсэндээ Туул голыг бүхэлд нь аваад үзвэл эрэг хавийн загасны бүлгэмдэлийн жарамгайн зүйлийн бүрэлдэхүүн нь Улаанбаатар хотоос дээшхи цутгалуудынхаас илтэд цөөрсөн нь ажиглагдана.

Чухам энэ л зайлшгүй шалтгаантай холбогдуулан ХБЦГ-ын хамгаалалтын захиргаа “Туул голд аюул-аврал” сэдэвт бага хурлыг зохион байгуулж, Туул голын усны нөөцийг хамгаалах, бохирдлыг багасгах, экосистемийн тэнцвэрт байдлыг хамгаалах зорилгоор төр засгийн болон төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгжид хандан уриалга гаргасан юм. Одоогоор төрийн захиргааны төв байгууллагаас Туул голын бохирдлын эсрэг авсан арга хэмжээ бараг үгүй, харин иргэний нийгмийн зарим байгууллага идэвхтэй тэмцэж байна. Далай тэнгисээс алслагдмал, Төв азийн тэгш өндөрлөгт өргөгдсөн хуурай гандуу манай орны хувьд төвийн бүсийн айл, малчдын ундны усны бараг л цорын ганц эх сурвалж нь Туул гол тул үүний бохирдлын эсрэг арга хэмжээ авч цэвэршүүлэх зайлшгүй шаардлагатай. Туул гол, түүний бохирдол, татралтын улмаас ус, усан орчин, ус намгархаг газар, эргийн амьдрах орчныг шүтэн амьдардаг хичнээн хэмжээний биологийн олон янз байдалд аюул нүүрлээд буйг таахын аргагүй.

     Шавж. Олон жилийн давталттай хийсэн судалгаа шинжилгээний ажлын үр дүнд Хустайн нуруу болон түүний орчим нутагт 10 орчим багийн, 90 гаруй овогт багтах, 400 орчим зүйл шавжыг бүртгэжээ (Нансалмаа 1999, Айбек 2008, Гантигмаа 2008, Мөнхбат 2008). Шавжын судалгаа, зүйлийг тодорхойлох ажил угаас цаг хугацаа шаардсан нарийн чимхлүүр ажил тул одоогоор бүртгэгдээд буй энэхүү жагсаалтыг эцсийн хувилбар хэмээн үзэх нь хэтэрхий өрөөсгөл болно. Цааш цаашдын судалгаагаар зүйлийн элдэв хэлбэр улам бүр баяжин тэлэх нь хэлбэрэлтгүй үнэн юм.

     Зүйлийн баялаг ба арвийн хувьд ой, ой дагасан нуга, уулын хээр, хээр, молцог элс орчим хэсгүүд нь хоорондоо ялгагдах юм. Ой, ой дагасан нугын шавжын  зүйлийн баялаг, арви нь бусад амьдрах орчноос харьцангуй өндөр байх ба уулын хээр, хээрийн бүсээдээ буурахын зэрэгцээ ургамал идэшт шавжын зүйлийн баялаг ихсэж байна.

     Хустайн шавжын зүйлийн бүрэлдэхүүнд ургамал идэшт шавж зонхилох ба бэлчээрийн өвс ургамалд хөнөөл учруулж болзошгүй зүйлд Rhylloperthra horticola, Blaps rugosa, Carpocoris purpureipennis, Rhizofrogus solstitials, Hoplia aureda, Galeruca daurica, Gampsocleis sedakovi, Gomphocores sibiricus зэргийг хамааруулав. Хус модонд Tortricidae овгийн навч хуйлагч эрвээхэй, Rhylloperthra horticola-илтсэн сахалт цох, харганын төрлийн ургамлаар хооллодог буглаа цохууд олшрох хандлагатай байгаа нь тус цогцолборт газрын энэхүү багахан ойд хөнөөл учруулж болзошгүй. Хуурай хээрт тодорхой давтамжтайгаар явагддаг царцааны хэт олшролт, бууралтыг эс тооцвол бусад ургамал идэшт шавжыг бэлчээрийн хортон бус биологийн төрөл зүйл гэдэг утгаар нь хүлээж авах нь зүй хэмээн үзлээ.

     Бэлчээрийн ургамлын хортон шавжын тоо толгойн өсөлтийг тодорхой хэмжээгээр хязгаарлагч ашигтай шавжаас карабид цох, шоргоолж, начин хэмээх махчин ялаа бүртгэгджээ. Мөн хортон шавжын авгалдайд паразитлагч зараа ялаа, шонхор зөгий, шүрэн цохууд харьцангуй элбэг тохиолдоцтой байгаа нь эерэг нөлөөтэй хэмээн үзэв. Мал амьтны ялгадас, сэг зэмийг идэж устган байгалийг цэвэрлэж байдаг ашигтай шавжаас Apodius gregarius, Geotrupes amaenus, Necrophorus verpillo, Dermestes төрлийн цохууд байна. Цус сорогч шавжаас шумуул, хөх түрүү ид үедээ ховор тохиолдоцтой байгаа нь газар нутгийн ихэнх хэсэгт ойт хээр, уулын хээрийн хуурай амьдрах орчин зонхилж, нуга, намагжуу газар ховор байдгаас мөн хамгаалалттай холбоотойгоор айл, малаас чөлөөлсөнтэй холбоотой.