Албадууд

Танилцуулга

     Тахь сэргээн нутагшуулалттай холбоотойгоор тайван, тааламжтай амьдрах орчин бүрдэж, нутгийн амьтдын тоо толгой өсч олширсны дээр олон тооны амьтад өөрсдийн зөнгөөр нүүн ирж, идээшин нутагшсан тул бүс нутаг, олон улсын хэмжээнд ховордсон эдгээр амьтдыг байгалийнх нь хамтаар хадгалан хамгаалж, байгаль орчны хууль тогтоомжыг хэрэгжүүлэх, хэрэг зөрчилөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох үүрэгтэй.

     Мөн байгууллагын дотоод эмх журмын асуудлыг хариуцан ажилладаг. Менежер, 12 байгаль хамгаалагчтай. Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хуулиар үзэгдэх орчиноос хамаарч уулын хээрт 50 мянган га-д нэг байгаль хамгаалагч байх норм, нормативтэй байдаг бол энд 50 мянган га-д 12 байгаль хамгаалагч ажиллаж, нэг хүнд дунджаар 4 мянган га талбай ногддог, хамгаалалт харьцангуй сайтай, тиймдээ ч олон зүйл амьтдын өсч олшрох тайван, тааламжтай амьдрах орчныг бүрдүүлсэн.

       Байгаль хамгаалагчдын хамгаалах хэрэгсэл

       Байгаль хамгаалагчид зун, өвлийн иж бүрэн дүрэмт хувцас, мотоцикл, морь, хийн буу, цахилгаан болон хаймран бороохой, дохиур, богино холбоо, гар утас, ажлын цүнх, дуу хураагуур, байршил тогтоогчоор бүрэн хангагдсан.

       Хяналт, шалгалт, сургалт, хамтын ажиллагаа

      Өөрийн газар нутагт эргүүл, хяналт шалгалт хийхээс гадна сум, орон нутаг, аймгийн байгаль орчны газар, хууль хяналтын байгууллага, мэргэжлийн хяналтын газар, замын цагдаагийн газруудтай гэрээтэй ажиллаж, хэрэг зөрчил гаргасан, завдсан, зугтсан техникийн хэрэгслийг олж илрүүлэн хариуцлага ногдуулдаг. Мөн дээр дурьдсан хууль хяналтын байгууллага, прокурор, мэргэжлийн хяналтын байгууллага, онцгой байдлын ерөнхий газар, Монголын улаан загалмай нийгэмлэг, их, дээд сургууль, судалгааны хүрээлэнгүүдээс байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилөөс урьдчилан сэргийлэх, хянах, илрүүлэх, таслан зогсоох, торгууль шийтгэвэр ногдуулах, анхан шатны тусламж үзүүлэх, амьтан, ургамал таньж тодорхойлох, хээрийн судалгаанд оролцох, мэдээ баримт цуглуулах, боловсруулах олон тооны сургалт зохион байгуулдаг.

        Байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн төрөл, хэлбэр 

      Байгаль орчны эсрэг хэрэг зөрчлийн төрөл, давтамж нь улирлаар ялгаатай. Хавар бугын ясан эвэр унах үеэр олзворлогчид олноор хамгаалалттай газарт нэвтэрч хэрэг зөрчил ихэсдэг. Мөн энэ үе нь Монгол орны хамгийн хуурай улирал тул тал, хээрийн түймэр гарах аюултай. Тиймдээ ч торгууль шийтгэвэр нь хэд дахин өндөр байдаг. Монголчуудын найр, наадмын улирал 7-9-р сард тарвага хулгайгаар агнахыг санаархагчдын тоо өсөх хэдий ч, тухай бүрд нь барьж, зохих шийтгэлийг нь оноодог. Өвөлдөө орчны бүсийн айл, өрхийн адуу олноор орж ирэх тул бид уулнаас морьтой байгаль хамгаалагчаар буулгуулж, хойрмойноос нь машинаар тосч авч хөөн хамгаалалттай газраас гаргадаг.