Аялал, жуулчлалын алба

Танилцуулга

     ХБЦГ-т байгалийн аялал жуулчлал хөгжүүлж буй нь туйлын дээд зорилго, шалтгаантай. Учир нь, энэ аялал жуулчлал, аянчин жуулчдын орлого нь хэн нэгний хувийн компани, хувийн гэр бүл, хувь хүний халаасанд ордог бус, 100% байгаль хамгаалалд зарцуулагддагаараа онцлог. Тиймдээ ч, ХБЦГ луу аянчин жуулчдаа авчирсан аялал жуулчлалын компани, хувь хүн, хөтөч тайлбарлагч, иргэн, аялагч, хэн бүхэн хийж буй төлбөрөөрөө байгаль хамгааллын буянт үйлсэд өөрийн хувь нэмрийг оруулж буй юм. Энд байгалийн аялал жуулчлал хөгжүүлэх болсон зайлшгүй, өвөрмөц, олон шалтгаан бий.

     1. Хустайн нурууг улсын тусгай хамгаалалтад авах болсон зайлшгүй шалтгаан нь дэлхийн сүүлчийн, цор ганц зүйл зэрлэг адуу-тахийг авран хамгаалж, сэргээн нутагшуулах юм. Тахьд тайван, тааламжтай амьдрах орчин хэрэгтэй бөгөөд түүнийг бүрдүүлэхээр бид энэ газрыг хамгаалсан.

     2. Гэтэл тахьд зориулсан тайван, тааламжтай амьдрах орчныг даган, урьд энд байсан амьтдын тоо толгой олшрон өссөний дээр энд байгаагүй амьтад ч нүүн ирж идээшин амьдрах болсон. Тухайлбал, 1992 онд 50 байсан халиун буга 1300-д хүрж, 9000 байсан тарвага 20 гаран мянгаар тоологдож, урьд байгаагүй цагаан зээр, аргаль хонь нүүн ирж, талхилагдсан бэлчээр сэргэсэн.

     3. Ийм олон амьтан, ургамалтай болсон байгалийг хамгаалах нь буянтай сайхан үйлс хэдий ч, санхүүгийн тогтвортой эх сурвалжгүйгээр оршин тогтнохгүй. Тийм ч учраас 1992-2012 он хүртэл Хустайг санхүүжүүлж байсан Голландын тахь хамгаалах сан, Голландын Засгийн газрын санхүүжилт хэзээ нэгэн цагт зогсоход Хустай өөрөө өөрийгөө аваад явчихаар санхүүгийн эх сурвалжтай болсон байх ёстой. Тэр нь “байгалийн аялал жуулчлал” юм хэмээн харж, 2000-аад оноос анхдагч дэд бүтцийг нь хөгжүүлэн өнөөгийн зэрэгт хүргэсэн билээ. Ингээд 2012 онд Голландын Засгийн газрын санхүүжилт бүрэн зогсоход ХБЦГ нь аялал жуулчлалынхаа орлогоор байгалиа хамгаалан өдрөөс өдөрт хичээн зүтгэсээр өнөөг хүрлээ.

     ХБЦГ нь жилдээ 15-20 мянган жуулчин хүлээн авч, тэрбум орчим төгрөг босгон түүгээрээ байгалиа хамгаалдаг. Зарим хүмүүс их мөнгө хэмээн төсөөлөх хэдий ч үгүй юм. Угтаа Монголын аялал жуулчлал гэдэг ердөө л 5-9-р сар. Энэ л богинохон хугацаанд бид үндсэн орлогоо босгож, харин 9-р сараас дараа оны 5-р сар хүртэл хэрхэн хүргэх вэ л хэмээн хичээдэг. Жуулчдын улирал дуусч, жуулчид ирэхээ болилоо гээд амьтад амарч, байгаль хамгааллын ажил зогсчихно, амсхийчихнэ гэж хэзээ ч байхгүй, жам ёсны зүйлс жамаараа л үргэлжилнэ. Тоо толгой нь хэт өсөж, бэлчээрээ бүрэн талхилсан мал өвлийн улиралд зэрлэг амьтдын багахан бэлчээрийг цөлмөхөөр шавна. Байгаль хамгаалагчид өглөө өдөр, үдэш оройгүй хөөж гаргах хэдий ч буцаж дайрсаар хүн, морь, машин техникийг зовоон дуусгаж эдэлгээг нь богиносгодог. Аянчин жуулчдын орлого:

  1. Байгаль хамгаалагч, ажилчдын өвөл, зуны иж бүрэн хувцас, морь, мотоцикл, бензин, өвс, ногоон тэжээл, холбоо хэрэгсэл, гар утас, хаймран болон цахилгаан бороохой, хийн гар буу, газ, дохиур, гэрэл зургийн аппарат болж;
  2. Хавар бугын ясан эвэр унах үеэр эвэр түүгчидтэй, Монгол орны ид хуурайшлын цагт хамгаалалттай газраар хэсэн сэлгүүцэгчидтэй, бугын цусан эврийн ургалтын үед хулгайн анчидтай, тарваганы арьс, үс гүйцэн таргалах цагт тарваганы хулгайн анчидтай, өвөл чонын хулгайн анчидтай, өдөр өнжихгүй орж ирэх малтай тэмцэх гээд байгаль орчны хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үйл ажиллагаа явуулах;
  3. Жуулчны баазын гэрэл, цахилгаан, халаалт, түлээ, хог ялгалт, ачилт зэрэг өдөр тутмын үйл ажиллагаа явуулах;
  4. Аймаг, сум, орон нутгийн боловсрол, эрүүл мэндийн байгууллагуудад хандив тусламж, нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг үйл ажиллагаанд зарцуулагдаж байдаг.