Хүрсэн үр дүн

Хүрсэн үр дүн

       Тахь сэргээн нутагшуулж, Хустайн нурууг улсын тусгай хамгаалалтад авсанаар улс, олон улсын ач холбогдолтой хэд, хэдэн томоохон үр дүнд хүрлээ.

      1.Дэлхийн сүүлчийн, цор ганц зүйл зэрлэг адуу-тахийг Монголчууд сэргээн нутагшуулж чадлаа хэмээн үнэлэх болов. Учир нь, Дэлхийн байгаль хамгаалах холбоо (IUCN)-ны Зүйлийг авран хамгаалах комисс (Species Survival Commission)-ийн Адуу судлаачдын баг (Equid Specialist Group) тус бүрдээ үржлийн тахь нь 50-иас дээш, нийт тоо нь 250-иас олон 10 гаран популяци бий болгохоор Монголд 3, Хятадад 3, Казахстанд 1 газарт сэргээн нутагшуулалтыг эхэлсэн билээ. Харин одоогоор Хятадын тахиудыг Төв азийн цөлийн усны хомсдолоос шалтгаалан ихэнхийг нь суллаж чадаагүй, сулласан цөөн тооны тахь нь өвөл буцаад хашаандаа орчихдог, Казахстаны тахиуд огт өсөөгүй тул өөр газарт шилжүүлэхээр зэхэж байгаа, зөвхөн Монголд л байгальд бүрэн суллагдсан, сэргээн нутагшуулсан тахь байгаа хэмээн үзэж байна (Boyd and King 2011). Үүний улмаас Монгол улсын засгийн газрыг Биологийн төрөл зүйлийн конвенцид нэгдэн орсон үүргийнхээ нэгээхэн хэсгийг нэр төртэй биелүүллээ хэмээн олон улсын тавцанд өндөрөөр үнэлэх болов.

     2.1996 оныг хүртэл “Байгальд устсан-Extinct in the Wild” хэмээх ангилалд байсан тахийг эх нутагт нь амжилттай сэргээн нутагшуулж, 2008 онд “Устаж байгаа-Critically Endangered”, 2011 онд “Устаж болзошгүй-Endangered” гэх ховордлын хоёр ч зэрэглэл бууруулан юутай ч байгалийн популяцитай боллоо хэмээн үнэлэхэд Монгол орны тахийн популяци онцгой үүрэг гүйцэтгэсэн байна.

    3.Хустайн нурууг улсын тусгай  хамгаалалтад  авсан  анхдагч  зорилго  нь дэлхийн хамгийн ховор зүйл зэрлэг адуу-тахийг авран хамгаалж, сэргээн нутагшуулан, түүнд тайван, тааламжит амьдрах орчныг бий болгох явдал байлаа. Гэтэл, хамгаалалтад авсан тайван, тааламжит амьдрах орчныг даган энд байсан амьтдын тоо толгой, нягтшил огцом өссөний дээр урьд байгаагүй амьтад ч өөрийнхөө зөнгөөр ирэн идээшин нутагших болов. Тухайлбал, 1993 онд 50 гаранхан байсан бугын тоо толгой 26 жилд 26 дахин өсөн 1300-д хүрээд байна.

    Хамгаалалтад авах үед энд цагаан зээр, аргаль хонь байсангүй. Харин 1990-ээд оны дундуур төвийн бүсийг дайрсан зээрийн томоохон нүүдэл явсан бөгөөд үүнээс цөөн тооны зээр үлдсэн нь өдгөө 600 гаран тоо толгойтой болов. 2000-аад оны эхээр энэ нуруугаар аргаль хонь зөвхөн хавар, намрын нүүдлийн үедээ л дайрч өнгөрдөг байсан бол одоо 50 гаран тооны аргаль жилийн аль ч улиралд идээшин байршиж, өсөн үржиж байна. Одоогоор ХБЦГ нь дэлхийн хамгийн олон тахьтай, монголын хамгийн олон бугатай, хамгийн өндөр тарваганы нягтшилтай нутаг болоод байна.

     4.Байгаль хамгаалалд талуудын оролцоог нэмэгдүүлж, нутгийн иргэдийн тусламжтайгаар байгалийг хамгаалах тулгуур үзлийн дагуу орчны бүсийн иргэдээ бүлгийн зохион байгуулалтад оруулж, одоогоор ялгаатай үйл ажиллагаа явуулдаг 30 гаран тооны бүлэг, нөхөрлөлтэй болоод байна.

     5.ХБЦГ нь төрийн мэдлийн газар нутгийн хамгааллын менежментийг төрийн бус байгууллага хэрэгжүүлж, улсын төсөвт дарамт болохгүйгээр өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг гуравхан хамгаалалтын захиргааны нэг юм. МУ-ын ТХГН-ийн тухай хуулинд “Байгалийн цогцолборт газрыг түшиглэн аялал, жуулчлал хөгжүүлнэ” гэсэн заалтын дагуу байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлж, олсон орлогоороо байгалиа хамгаалж байна.

    6.Дээрх бүх үр дүнгүүдийг үндэслэн ХБЦГ-ыг 2003 онд ЮНЕСКО-гийн Хүн ба шим мандлын хөтөлбөр (UNESCO Man and Biosphere Programme)-д бүртгэж, ач холбогдлыг нь үнэлсэн байна.

    7.Мөн дэлхийн хэмжээгээр үйл ажиллагаа явуулдаг, нэр хүнд бүхий байгаль орчны ууган төрийн бус байгууллага болох Дэлхийн байгаль хамгаалах холбоо (IUCN)-ны гишүүнээр 2007 онд элсжээ.

     Эдгээр нь бүгд Хустайн нурууг улсын тусгай хамгаалалтад авсантай холбоотойгоор гарсан бодитой үр дүнгүүд юм.