Хөрс

Хөрс

     Хустайн нуруу нь Орхон-Туулын сав газрын бэсрэг уулст хар хүрэн хөрс зонхилон тархсан мужид хамаарагдах юм (Баттулга, 1998). ХБЦГ-нь далайн түвшнээс дээш 1190-1843 метр өргөгдсөн уулт тогтоцтой нь хөрсний бүс, бүслүүрийн эрс ялгааг нөхцөлдүүлж, ангилахад дөхөм болгож өгнө. Уул нуруудын ар хажуу нь нарны тусгалаас шалтгаалан харьцангуй чийгийн хадгалалт сайтай, өвөр энгэрээсээ шим тэжээлийн бодисын агууламжаар илүүрхэнэ. Хустайд хийсэн хөрсний шинж чанарын хээрийн судалгаа, лабораторын шинжилгээний дүнд доорх хэв шинжийн хөрс голлон тархсан байна гэж үзэв. Үүнд:

А. Уулын хөрс

  1. Уулын нугат-ойн бараан хөрс
  2. Уулын хар шороон хөрс
  3. Уулын хар хүрэн хөрс

Б. Ам хөндийн хөрс

  1. Хар хүрэн хөрс
  2. Нугын бараан хөрс зонхилох юм.

         Уулын хөрс нь уулс хоорондын ам хөндийн хөрснөөс зөвхөн хотгор, гүдгэрийн хувьд бус, харин хөрс үүсэх үйл явц, аж ахуйн ашиглалтаараа эрс ялгаатай.

       Уулын нугат ойн бараан хөрс нь өнгөн хэсэгтээ унаж хагдаршсан модны навч, ургамлын хагас ялзарсан үлдэгдэлээр хучигдсныг эс тооцвол морфологи тогтоцоороо хар шороон хөрстэй төстэй. Хөрсний шим тэжээлийн бодис (кали, фосфор)-ын хангамж хэвийн, ширэгжих үйл явц эрчимжиж буй жинхэнэ ойн хөрс болно.

      Уулын хар шороон хөрс уулын ар хажуу, ойн хормойн хэсэгт элюв-делювийн сайр чулуурхаг хурдас дээр тогтсон, хөрсний өнгөн хэсэг дэх шим тэжээлийн бодис (кали, фосфор)-ын хангамж бага. Өнгөн давхаргадаа элсэн механик бүрэлдэхүүнтэй хөрс учир ялзмагын агууламж харьцангуй өндөр байлаа.

       Уулын хар хүрэн хөрс Хустайн нурууны нийт талбайн зонхи хэсгийг эзлэн уулын ар, өвөр энгэр бэлээр хаяагүй жигдэвтэр тархсан, гадарга дээр сайр чулуулгийн илрэц их, үер борооны усанд угаагдаж байдгын хувьд хөдөлгөөнт элементүүдийн агууламж ядмаг байна. Энэ хөрсөн дээрх ургамлын ургац харьцангуй тогтвортой, тэжээллэг чанараар давуу.

        Ам хөндийн хөрс уулын хөрсийг бодвол хотгор, гүдгэрийн нөлөө бага, уулс хоорондын хөндий, бэл, голын эртний дэнжүүдэд ажиглагдана.

     Ам хөндийн хар хүрэн хөрс уулын арын урт амууд, өвөр бэл, хормойгоор өргөн тархацтай, уулын хөрстэй харьцуулахад ялзмагтай давхарга харьцангуй зузаан, бүтэц бөөмөрхөг, бутрамтгай, өнгө хар хүрэн, хөнгөн шавранцар механик бүрэлдэхүүнтэй. Ялзмагын агууламж хэвийн, харин хөрсний шим тэжээлийн бодис болох фосфор, калийн хангамжаар маш ядмаг байна.

     Нугын бараан хөрс нь тархалтын хувьд өмнө дурьдсантай ижил, гагцхүү харьцангуй чийглэг газраар тохиолдоно. Бусад хөрсөн бүрхэвчтэй харьцуулахад ус, чийгийн хангамж илүү, нугын ургамалжилт сайн, хөрсний шим тэжээлийн бодис (кали, фосфор)-ын хангамж их байв (Баттулга, 1998).

      Хустайн нурууны дэвсгэр талбайн хөрс микроэлементийн илүүдэл ба дутагдал үгүй бөгөөд хаврын шар усны, VII сарын хур тунадасны үер (ховор тохиолдоно), 220 км урттай төв ба туслах зам, ундны усны хязгаарлагдмал нөөцөөс үүдсэн малын хэт төвлөрөл зэрэг нь хөрсний элэгдэл эвдрэлийг нөхцөлдүүлэх үндсэн хүчин зүйлс болно (Баттулга, 1999; Дорж, 2000).