Түүхийн дурсгал

Түүх соёл

     ХБЦГ түүх соёлын дурсгалт зүйлс элбэгтэй. Тус цогцолборт газрын нутагт болон ойр орчимд, ялангуяа Хустайн нурууны энгэр бэл, ам хөндийн адгаар эртний хүмүүсийн үлдээсэн дурсгалт зүйлс олон бий. 2000 онд Хустай төвийн захиалгаар Монгол улсын ШУА-ийн Археологийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Цогтбаатар, Я.Цэрэндагва, Ч.Амартүвшин нар ХБЦГ, түүний ойр орчмын  археологийн зүйлийг тодруулж тайлан бичсэн юм. Уг тайланд өгүүлснээр ХБЦГ-т болон түүний хил орчмоор түүх соёлын дурсгалт 5 төрлийн зүйлс байдаг.

     Дөрвөлжин булш. Тус цогцолборт газарт 160 гаруй бий. Үүнийг хүрэл зэвсгийн үеийн овог аймгуудын үлдээсэн сонгодог дурсгал гэж үздэг. МЭӨ III-II зуунд хамаарагдана.

     Хиргисүүр. ХБЦГ-ын өмнөт хэсэгт 19 томоохон хиргисүүр бий. Хиргисүүрүүд нь дугуй болон дөрвөлжин хүрээтэй, тус бүрдээ 8-9 чулуунаас бүрдсэн олон тооны чулуун дагуулуудтай. Хиргисүүрүүдийг эртний хүмүүсийн оршуулгын болон тахилгын зан үйлтэй холбон тайлбарладаг.

     Өнгөтийн цогцолбор дурсгал. Энэ нь монголд төдийгүй, төв Азид олдсон хамгийн олон (30 орчим) хүн чулуутай цогцолбор дурсгал юм. Энэ цогцолбор нь Монгол нутагт төр улсаа байгуулж байсан Түрэгийн хаант улсын үед буюу YI-YIII зуунд хамаарагдана. Энд бас арслан, аргаль хонины чулуун дүрс байдаг. Цогцолбор хөшөөнөөс зүүн урагш зэллэсэн 552 ш балбал чулуу байдаг. Хустай төв БСШУЯ-тай гэрээ байгуулан Өнгөтийн цогцолбор дурсгалыг  хамгаалах ажлыг 2001 оноос хойш одоо хүртэл сайн дураар гүйцэтгэж байна. Археологийн хүрээлэн 1976, 1978 онуудад уг цогцолборт малталт хийгээд буцааж сэргээлгүй хэвээр орхисныг Хустай төв 2005 онд хуучин байснаар нь болгон сэргээж, гадуур нь хайс барьж, 2007 онд боржин чулуун хөшөөнүүдэд тусгай зориулалтын шингэн гаднаас нь нэвчүүлэн бэхжүүлж, 2009 онд балбал чулуунуудыг босгож суулгах ажил хийсэн.

     Хөшөө чулуунууд. Тус цогцолборт газарт гадуураа хашлагатай болон хашлагагүй, ямар нэг зураг дүрсгүй 119-187 см өндөртэй чулуун хөшөө 3 байдаг. Ийм хөшөө чулууд  монгол орны төв, зүүн, баруун бүсд элбэг тохиолддог. Судлаачид хөшөө чулуудыг  буган чулуу үлдээгч омог аймгуудтай холбон тайлбарладаг. МЭӨ II мянганы эхэн үед холбогдоно.

     Буган чулуу.  Уртын аманд нэг буган чулуу буй. Тэрээр МЭӨ II мянган жилийн дундаас МЭӨ I жилийн хооронд хамаарагдана.

     Хадны сүг зураг. Тус цогцолборт газрын ОБ-д Алтанбулаг сумын нутаг Эхэн шар чулуут хэмээх газарт 10 гаруй сүг зураг бий. Тэдгээрийн олонх нь янгир ямааг дүрсэлсэн байдаг.

     Сувраганы туурь. Цогцолборт газрын нутаг дэвсгэрт Баруун мандлын өвөрт суварганы тур байдаг. Энэ чухам хэдий үеийнх болох нь тодорхойгүй.