Байгуулагдсан түүх

Байгуулагдсан түүх

     Биологийн олон янз байдлыг амьдрах орчных нь хамтаар хадгалан хамгаалж, ирээдүй, хойч үедээ өвлүүлэн үлдээх үндсэн арга нь ялгаатай байгалийн бүс, бүслүүрт байршилтай байгалийн өвөрмөц тогтоц, унаган төрхөө алдаагүй, ландшафт, экосистем, бүлгэмдэл, амьтан, ургамлын хамгаалалд онцгой ач холбогдол бүхий газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авч хамгаалах явдал юм. Монгол улс Биологийн төрөл зүйлийн конвенцид нэгдэн орж, эх орныхоо унаган байгаль, ургамал, амьтны ховор зүйлийг хадгалан хамгаалахын төлөөнөө газар нутгийнхаа 30-аас доошгүй хувийг улсын тусгай хамгаалалтад авахаа илэрхийлсэн билээ. Үүний тулд улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлсээр өдгөө нийт газар нутгийн 17.86%-тай тэнцэх 28 сая га талбай бүхий 102 тусгай хамгаалалттай газар 33 хамгаалалтын захиргаатайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. Үүний нэг нь Хустайн байгалийн цогцолборт газар юм.

     Хустайн байгалийн цогцолборт газар нь дэлхийн хамгийн ховор зүйл зэрлэг адуу-тахь (Equus ferus przewalskii Groves, 1986)-ийг сэргээн нутагшуулахаар байгуулагдсанаараа өвөрмөц онцлогтой. Тахь сэргээн нутагшуулах үйл ажиллагаа эхлэхээс өмнө энэ нуруу нь Төв аймгийн Аргалант, Алтанбулаг, Баянхангай сумдын нутгийн иргэдийн өвөлжөө, хаваржааны идэвхтэй ашиглалт бүхий бүс нутаг байсан юм. Анхны тахиудыг 1992 онд авчирч, 1993 онд Хустайн нурууг “Нөөц газар”-ын зэрэглэлээр улсын тусгай хамгаалалтад авч, 1998 онд “Цогцолборт газар” болгон хамгааллын зэрэглэл ахиулсан билээ. Мөн тухайн үедээ төрийн мэдлийн газар нутгийг төрийн бус байгууллага хамгаалан менежментийг нь авч явдаг туйлын өвөрмөц бүтэцтэй цорын ганц байгууллага байсан юм. Харин өдгөө төр-төрийн бус байгууллагын түншлэлийг өргөжүүлж, төрийн чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх бодлого тэлэн, өөр хоёр ч газрын хамгааллын менежментийг төрийн бус байгууллагад хариуцуулаад байна.