Уур амьсгал

Уур амьсгал

     Хустайн нуруу нь уур амьсгалын хуурайдуу, сэрүүн мужийн хүйтэвтэр дэд мужид хамрагдана (Даваа, 2004). Өндөр уул, гүвээ толгод, уулсын хоорондох өргөн, нарийн хөндий, тал хосолсон рельефийн хувьд олон янз тогтоцтой нь бичил цаг уурын өвөрмөц нөлөөг үзүүлдэг. Тухайлбал, хотгор хонхор гадаргуугын температур өдөр хэт халж, шөнө хэт хөрөх нь хоногийн хэлбэлзлийг уул, өндөр газрынхаас ихэсгэнэ. Үүнийг дагаад уулсын хөндийн жижиг өвслөг ургамал орой, хажуугийн ургамлаас түрүүлж хагдрах жишээтэй. Температур өндрөөс халах үзэгдэл буюу инверс нилээд хүчтэй илрэнэ. Туул голын хөндийн агаарын температур -28 - -29 хэм хүйтэн байхад Алтан уулын баруун өндөрлөгт -25 хэм буюу өндөршилийн зөрүү 140 метр хүрэхэд температур 3-4 хэмээр дулаарсан байгаа нь үүний тод илрэл юм. Энэ орчим нутгийн агаарын температурын жилийн дундаж 0.3 дулаанаас -3.5 хэм хүйтэн. Хамгийн хүйтэн I сард агаарын дундаж температур -20.2 - -27.4 хэм хүйтэн, хамгийн дулаан VII сард 17.1-20.9 хэм дулаан.

     Уул зүйн онцлог, тухайн жил саруудын агаарын орчил урсгал, орон нутгийн дулааны балансаас шалтгаалан салхины горим ихээхэн хэлбэлзэлтэй байдаг. Олон жилийн ажиглалтаас үзвэл баруун, хойд, баруун өмнө зүгийн салхи зонхилж, дундаж хурд III-V сард 3.5-4.5 м/с, VI-X сард 2.7-3.1 м/с, XI-II сард 1.2-2 м/с байв. Хүчтэй салхитай өдрийн тоо жилд дунджаар 6-8, шороон шуургатай өдрийн тоо 12-32, 20 м/с-ээс дээш салхитай өдрийн 2-6 байна.

     Агаар усны уураар ханах хэмжээний илрэлийг “харьцангуй чийгшил” гэх бөгөөд энэ нь “агаарын чийгшил”-ийг харуулах хэд хэдэн чухал үзүүлэлтийн нэг болдог. Харьцангуй чийгшил агаарын температураас урвуу, үүлшил, хур тунадасны хэмжээнээс шууд хамаарна. Хамгийн их утга үүлшил, хур бороо элбэг дулааны улиралд 90-99%, хамгийн бага утга цасан бүрхүүл арилж, хөрс хуурай, агаарын температур огцом дулаарч, салхи шороо ихэсдэг хаврын улиралд 10-18% байдаг. Хустай орчмын харьцангуй чийгшилийн сарын дундаж хэмжээ 45-62% болно.

    Олон жилийн дунджаар жилд орох хур тунадасны хэмжээ 131.1-291.2 мм, үүнээс дулааны улиралд 126.7-279.4 мм буюу 80%-нь, хүйтний улиралд 1.2-31.5 мм буюу 20%-нь унана. Хамгийн их хур тунадас VII, VIII сард унах ба 43.6-123.4 мм буюу жилийн нийлбэр хур тунадасны 33-42% болох юм. Зарим жилүүдэд VII сарын дундуур үргэлжилсэн хэт халалт болж ургамлын ургалтыг зогсоон эрт хагдрахад хүргэдэг.

   Хүйтний улирал дахь уур амьсгалын өөрчлөлтөнд цасан бүрхүүл чухал нөлөөтэй бөгөөд нарны цацрагийг ойлгох чадвар их, шинэхэн орсон цасны гэрэл ойлгох чадвар 80% хүртэл байдаг хэмээн үздэг. Энэ нь агаарын температур буурах нөхцөл болдог ч нөгөө талаар зузаан цасан бүрхүүл нь хөрс хүчтэй хөрөх, гүн хөлдөх, хөрсний чийг алдалтыг хамгаалах ач холбогдолтой. Хустай орчим нутагт анхны цас IX сарын сүүлийн 10 хоног, X сарын эхний 10 хоногт тохиолдох ба жилд дунджаар 103-190 өдөр цасан бүрхүүлтэй байна. Цасны зузаан жил бүр харилцан адилгүй, олон жилийн дунджаар 7-15 см, хамгийн зузаан нь 50-60 см, гуу жалгадаа 70-110 см хүрдэг (Адъяа, 2000).

   Төв аймгийн Лүн, Алтанбулаг, Аргалант, Өндөрширээт сумд, Улаанбаатар хотын цаг уурын станцуудын мэдээтэй харьцуулан үзэхэд Хустай нь өвөлдөө харьцангуй дулаан, нөөлөгтэй, зундаа сэрүүвтэр байгаа нь бичил цаг уурын өвөрмөц орчил болохыг илэрхийлнэ (Адъяа ба бусад, 2003).