Санхүү, аж ахуйн алба

Санхүү, аж ахуйн алба

     Хустайн байгалийн цогцолборт газар нь менежмент болон санхүүгийн хувьд туйлын өвөрмөц онцлогтой. Энэ байгууллага байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэл Монгол улсын үндсэн төсөвт дарамт учруулалгүйгээр зөвхөн олон улсын төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, аялал, жуулчлалаас олсон орлогоор өөрийгөө санхүүжүүлсээр ирсэн.

      Голландын тахь хамгаалах сангийн санхүүжилт

     Хустайн байгалийн цогцолборт газрын санхүүжилтийг сайтар нарийвчлан үзэхгүй бол төдийлөн хялбар ойлгогдохгүй. Учир нь энэ байгууллага дотоод, гадаадын төрийн бус болон засгийн газрын байгууллагуудын хамтын санхүүжилтийн үр дүн юм.

      Анхны тахиуд Хустайн хөрсөнд 1992.06.05-нд хөл тавьсан хэдий ч, үнэндээ дэлхийн бүхий л улс орны амьтны хүрээлэн, нөөц газрууд дахь тахийн генетик олон янз байдал, цус ойртолт, удамшил, хувьслыг бүрэн судалж хамгийн шилмэл тахиудыг олох, олсон тахиудыг Голланд, Германы хил дагууд байгуулсан 30-160 га бүхий 5 хашаанд аваачин үржүүлэх, шилмэл унагануудыг 2-4 нас хүрмэгц Монгол руу тээвэрлэх гээд энэ ажил тэртээ 1970-аад онд эхэлсэн байдаг.

     Дэлхийн олон улс орны амьтны хүрээлэн, нөөц газар дахь тахийг судлах, авах, зөөвөрлөх, Монгол руу тээвэрлэх, Монголд дасгах хашаа барих, худаг ус гаргах, хужир шүү тавих, харуул хамгаалалт зохион байгуулах, дэд бүтэц барих гээд тахьтай холбоотой бүхий л санхүүжилтийг Голландын тахь хамгаалах сан олон улсын төсөл, хөтөлбөрт хамрагдан хэрэгжүүлсэн бөгөөд өнөө ч жил бүр 20 мянган доллар өгсөөр, санхүүжилт нь үргэлжилсээр байгаа.

      Монголын байгаль орчныг хамгаалах холбооны санхүүжилт

     Тахь зэрэг 250-300 кг жинтэй, жилд нэг удаа төрж, нэг унага гаргадаг, урт тээлттэй, удаан үржилтэй эмзэг зүйлийн хувьд сэргээн нутагшуулахад эхний жилүүдэд дасгах хашаанд байршуулан байгаль, цаг уурт нь дасгаад яваандаа зөөлөн суллах нь илүү үр дүнтэй. Харин ийм том амьтад дасгах хашаа руугаа дайрахад хашаа хороо эвдрэхийн дээр өөрийгөө ч бэртээнэ. Иймийн тул том амьтдын сэргээн нутагшуулалтад хэрэглэх дасгах хашаа нь зайлшгүй цахилгаанжуулсан байх ёстой юм. Тиймээс тахь Монголд буухаас өмнө дасгах хашааг барьж, уг дасгах хашааг цахилгаанжуулах төвийн өндөр хүчдэлийн шугамыг Монголын байгаль хамгаалах холбооны хөрөнгөөр барьж ашиглалтад оруулж байв.

       Голландын засгийн газрын санхүүжилт

     Тахь судлах, олох, үржүүлэх, тээвэрлэх гээд зөвхөн тахьтай холбоотой бүхий л зардлыг Голландын тахь хамгаалах сан гэх төрийн бус байгууллага хариуцаж байсан бол тухайн сэргээн нутагшуулж буй тахьд хэрэгтэй амьдрах орчныг хамгаалах, тайван тааламжтай амьдрах орчныг бүрдүүлэх, экосистем, ландшафтын түвшинд биологийн олон янз байдлын өргөн хэмжээний судалгаа зохион байгуулах, дэд бүтэц байгуулах, боловсон хүчнийг цалинжуулах, чадвахижуулах бүхий л санхүүжилтийг Голландын засгийн газар хийж байв. Өнгөрсөн хугацаанд Голландын засгийн газар сэдэв, зорилго, чиглэлийн хувьд хоорондоо багахан ялгаатай хэд, хэдэн төсөл хөтөлбөрийг Хустайн байгалийн цогцолборт газарт хэрэгжүүлсэн билээ.

            - 1993-1997 онд “Хустайн нуруу-байгалийн нөөц газар” төсөл,

            - 1998-2003 онд “ХБЦГ-ын биологийн олон янз байдал” төсөл,

            - 2004-2008 онд “ХБЦГ-ын менежментийг дэмжих” төсөл,

            - 2004-2008 онд “ХБЦГ-ын Орчны бүсэд тогтвортой амьжиргаа хөгжүүлэх” төсөл,

            - 2009-2012 онд “Өөрчлөгдөн буй нөхцөлд ХБЦГ, түүний орчны бүсийг зохицуулан хөгжүүлэх нь” төслийг хэрэгжүүлэн цаашид өөрөө өөрийгөө авч явахуйц                                        баттай суурийг тавьжээ.

      ХБЦГ-ын өөрийн санхүүжилт

      ХБЦГ-т хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, санхүүжилт хэзээ нэгэн цагт зогсоход уг байгууллага өөрөө өөрийгөө аваад явчихаж чадахуйц санхүүгийн тогтвортой эх үүсвэртэй болсон байх ёстойг хамтран ажиллагч талууд эртнээс харсан байдаг. Ингээд ХБЦГ-т тогтвортой байгалийн аялал жуулчлал хөгжүүлэн орлогоор нь байгаль хамгаалахыг зорьж, 2000-аад оноос ресторан, нооль, душ, сауна бүхий анхны байшин, цөөн тооны гэр бүхий жуулчны баазын суурийг тавьжээ. Өдгөө 4 өрөө, 35 гэр, 120 ортой жуулчны баазад жилд 15-20 мянган жуулчин хүлээн авч, нэг тэрбум орчим төгрөгний орлого олон түүгээрээ байгалиа хамгаалсаар байна. Хэдийгээр жуулчин болон орлогын хэмжээ боломжийн ч, урт хүйтэн өвөл, богино сэрүүн зунтай Монгол орны аялал жуулчлалын улирал богино, 5-9-р сард л орлогын дийлэнхийг олдог тул цаашид санхүүжилтийг нэмэгдүүлэх орлогын эх сурвалжуудыг олшруулан хөгжүүлэх шаардлагатай.