Хустай төв экологи, биологи, байгаль хамгааллын чиглэлээр хээрийн судалгааны олон улсын төв болохыг эрмэлзэж, судалгаа сургалтын материаллаг нөхцлийг бүрдүүлэхэд ихэд анхаарч байна. ХБЦГ нь уулын хээр, хээр, говийн төлөв байдлыг багтаасан өвөрмөгц тогтоцтой, биологийн олон янз байдлаар баялаг тул экосистемийн тал бүрийн судалгаа хийх бололцоотой юм. Манай судалгааны үндсэн чиглэлүүд нь:
нэгдүгээрт ХБЦГ дахь биологийн төрөл зүйлийн бүрэлдэхүүн, тархац, нягтшлын байдлыг тодорхойлох
хоёрдугаарт экосистемийн зарим гол элементийн төлөв байдлыг олон жилээр хянах
гуравдугаарт ХБЦГ-т нутагшуулж буй тахь адууны дасан зохицолт, зэрлэгших явцыг судлах явдал юм.ХБЦГ-т хийгдэж буй судалгаануудыг дараах байдлаар ангилж болох юм.
I. Урт хугацааны цэнэл судалгаа
1. Цаг уур
2. Ургамал, ургамалжлын төлөв байдал,
3. Зэрлэг амьтдын нягтшил, байршил
4. Тахь адууны өсөлт, нөхөн үржихүй, зан араншин
5. Усны баланс
II. Бусад судалгаа
1. Захиалгат судалгаа
2. Сургалтын судалгаа (Оюутан, магистрант, докторантууд өөрсдийн судалгааны чиглэлээр)
Өнгөрсөн 10 гаруй жилд хийсэн судалгаанууд
- Цаг уур
Өөртөө цаг уурын харуултайгаас гадна автомат станцтай. Хоногт 8 үзүүлэлтээр 3 удаа мэдээ авч, сар тутам нэгтгэн боловсруулдаг.
- Усны урсац, хэмжээ, найрлага, баланс
Гадаргуугийн усны урсац, найрлагыг тогтоосон. Ус цаг уурын хүрээлэнтэй хамтарч усны балансын байдалд байнгын ажиглалт хийж байна.
- Хөрс
Хөрсний шинж бүтэц, зарим макро, микроэлементийн агуулагдахуун, эвдрэлийн байдлыг тогтоосон.
- Ургамал, ургамалжилт
ХБЦГ болон орчны бүс дэх гуурст ургамал, хаг, хөвд, мөөгний зүйлийн бүрдэл, тархац, ургац, мөн ургамалжлын хэв шинж, бэлчээрийн төрлийг тогтоосон. Цаг уурын өөрчлөлт болон өвсөн тэжээлт амьтдын ургамалжилд нөлөөлөх байдлыг олон жил үргэлжлүүлэн судалж байна.
- Тахь адуу
Сүргийн бүтэц, шилжилт хөдөлгөөн, өвчлөл, нөхөн үржихүй, эзэмшил нутаг, зан төрх зэргийг байнга хянадаг.
- Том хөхтөн амьтан
Халиун буга, бор гөрөөс, цагаан зээр, саарал чоно, шар үнэг, хярс зэрэг амьтдын тоо толгой, тархац, нягтшлын байдлыг байнга хянаж байна.
- Жижиг хөхтөн амьтан
Тарвага болон бусад зарим жижиг хөхтөн амьтдын зүйлийн бүрдэл, бүлгэмдэл, тархац, нягтшлыг сүүлийн 4 жил судалж байна.
- Шувууд
Өвөлждөг, хавар ирж үүрлэн зусдаг, дайран өнгөрдөг шувуудын зүйлийг тогтоосон.
- Шавьж, хоёр нутагтан, мөлхөгчид
Шавьж, хоёр нутагтан мөлхөгчдийн зүйлийн бүрдлийг тогтоосон.
- Нийгэм эдийн засаг
Орчны бүсийн иргэдийн нийгэм эдийн засгийн байдлыг хэд хэдэн удаа судалсан.
- Археологи
ХБЦГ-ын нутаг дэвсгэрт болон ойр орчимд байгаа түүхийн дурсгалт зүйлсүүдийн байршлыг тогтоосон