Эрхэм таны амар амгаланг айлтгая.

Монголын нэр сайтай тусгай хамгаалалттай газруудын нэг – Хустайн байгалийн цогцолборт газар (ХБЦГ)-ын цахим мэдээлэл рүү орж, бидний ажил үйлсийг сонирхон буйд тань талархлаа илэрхийлье.

Монгол улсын Засгийн газар ХБЦГ-ын хамгаалалтын захиргааны үүргийг Хустайн цогцолборт газар төв (цаашид Хустай төв гэе)-Төрийн бус байгууллагад гэрээний үндсэн дээр шилжүүлсний дагуу бидтус цогцолборт газрын менежментийг хариуцан ажилладаг юм. 2003 онд байгуулагдсан манай төв тус цогцолборт газрын экосистем, түүх соёлын дурсгалт зүйлсийг хамгаалахын зэрэгцээ экологи, биологи, тахь судлалын чиглэлээр олон улсын хэмжээнд судалгаа сургалт зохион байгуулах, байгалийн аялал жуулчлал хөгжүүлэх, нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зэрэг олон ажил эрхэлдэг.

Дэлхийд үлдсэн цорын ганц зүйл зэрлэг адуу – тахийг  сэргээн нутагшуулах хөтөлбөр 1992 оноос амжилттай хэрэгжиж одоо Хустайн нуруу дэлхий дээр хамгийн олон тахьтай (220) газар болоод байна. Голландын иргэн Ян Боуман, түүний гэргий Инге Боуман, Анктрактидэд монголоос хамгийн анх очиж ажилласан доктор Ж.Цэрэндэлэг нар энэ буянт үйлсийн санаачлан эхлүүлсэн билээ.