Бидний тухай

Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай сумдын нутгийн заагт орших Хустайн нуруу нь ургамал газар зүйн мужлалаар Монгол дагуурын дүүрэгт, экологи газар зүйн мужлалаар хангайн уулт их мужийн Орхон-Туулын савын бэсрэг уулсын мужид, байгалийн бүс бүслүүрийн мужлалаар Туул –Тамирын голын дэд мужид харъяалагддаг, Хэнтийн нурууны сэжүүрийн зүүн хойноос баруун урагш тогтсон цувраа уулс бөгөөд хээрийн бүсрүү түрж орсон ойт хээрийн урд зах өвөрмөгц тогтоц бүхий үзэсгэлэнтэй нутаг юм.

УИХ-ын 1993.11.12 ны өдрийн 83 дугаар тогтоолоор Хустайн нурууг байгалийн нөөц газрын зэрэглэлээр анх улсын тусгай хамгаалалтанд авч, 1998 онд зэрэглэлийг ахиулж, байгалийн цогцолборт газар болгосон. ХБЦГ нь Улаанбаатар хотоос баруун тийш 100 орчим км-т оршино.

Хустайн байгалийн цогцолборт газар (ХБЦГ) –ын 50.6 мянган нутагт 459 зүйл гуурст ургамал, 85 зүйл хаг, 90 зүйл хөвд, 33 зүйл мөөг ургадаг, халиун буга, цагаан зээр, бор гөрөөс, зэрлэг гахай, аргаль хонь, янгир ямаа, монгол тарвага, саарал чоно, шилүүс мий, мануул мий, шар үнэг, хярс үнэг, халздай дорго зэрэг 44 зүйл хөхтөн амьтад, нохой тас, цармын болон хээрийн бүргэд, ооч ёл, хонин тоодог, гангар хун, хар өрөвтас, дагуур ятуу, хотны бүгээхэй зэрэг  217 зүйл шувуу, 16 зүйл загас, 2 зүйл, хоёр нутагтан, 385 зүйл шавьж, түүний дотор 21зүйл шоргоолж, 55 зүйл булцуу сахалт эрхээхэй, 10 зүйл голио, 29  зүйл царцаа бүртгэгджээ. Мөн урьд өмнө дэлхийд тэмдэглэгдээгүй байсан нэгэн зүйл хөрсний шавьж Хустайгаас шинээр олдож, Epidamaeus khustaiensis хэмээн нэрлэгдсэн билээ.

ХБЦГ 2002 онд ЮНЕСКО-гийн дэргэдэх Хүн ба шим мандлын хамгаалалттай газрын сүлжээнд бүртгэгдсэн.

ХБЦГ нь Монгол улсад хамгаалалт менежмент хамгийн сайтай тусгай хамгаалалттай газруудын нэг юм.

Хустайн цогцолборт газар төв (Хустай төв) - төрийн бус байгууллага Монгол улсын Засгийн газартай гэрээ байгуулж, ХБЦГ-ын менежментийг хариуцан ажилладаг. Хустай төв доорх 5 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Үүнд :

  1. ХБЦГ-ын экосистем болон түүх соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах
  2. Дэлхийд нэн ховордсон зэрлэг адуу- тахийг сэргээн нутагшуулж, цаашид байгальд бие даан оршиж чадах популяци буй болгох
  3. Олон улсын хэмжээнд сургалт судалгаа зохион байгуулах
  4. Байгалийн аялал жуулчлал хөгжүүлэх
  5. ХБЦГ-ын орчны бүсийг хөгжүүлэх

Хустай төв 2003 онд байгуулагдсан, 2007 онд  Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN)-д гишүүнээр элссэн. Хустай төв нийт 60 гаруй ажилтантай бөгөөд дээр дурьдсан үйл ажиллагаануудаа хэрэгжүүлэгч 5 албатай. Үүнд

  1. Захиргаа аж ахуйн алба
  2. Хамгаалалтын алба
  3. Сургалт судалгааны алба
  4. Аялал жуулчлалын алба
  5. Орчны бүсийн алба

ХБЦГ-т 1993 оноос хойш Нидерландын вант улсын Засгийн газрын  буцалтгүй тусламжаар дараах олон улсын төслүүдийг хэрэгжүүлэв.

  1. Хустайн нуруу –байгалийн нөөц газар 1993-1997
  2. ХБЦГ-ын биологийн төрөл зүйлийг хамгаалах 1998-2003
  3. ХБЦГ-ын менежментийг дэмжих 2004-2008
  4. ХБЦГ-ын Орчны бүсд тогтвортой амжиргаа хөгжүүлэх 2004-2008
  5. Өөрчлөгдөн буй нөхцөлд ХБЦГ, түүний орчны бүсийг зохицуулан хөгжүүлэх нь 2009-2012